"нугалмын хөдөлгөөнт засал" үүссэн түүх





Н.Алтанхундага "Таны нуруу яагаад өвддөг вэ?" номын хэсгээс



Орхон аймгийн анхны хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нэг болох, 1996 онд байгуулагдсан Б.Мягмарсүрэн эрхлэгчтэй Мажаа эмнэлэг өөрийн нэг салбараа ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2005 онд байгуулан, энэ салбар нь эдүгээ 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Энэ хугацаанд олон орны мэргэжил нэгтнүүдтэйгээ туршлага солилцож, тэднээс шинэлэг үр дүнтэй арга аргачлалыг суралцаж байсан юм. 2012, 2013, 2014, 2016 онуудад Санкт-Петербург хотноо ажилладаг салбар дээрээ Дэлхийн буддистуудын холбооны сургагч багш нарын нэг болох Төвөдийн мастер бариач, амьсгалын Шей-Цум йогийн аргын үндэслэгч Lakpa Chiring (Чумба багш)-г урин хамтран ажилласан юм.





Анхны жилдээ Чумба багштай хамтран ажиллах үед Мажаа эмнэлгийн уламжлалт анагаахын бага эмч Ц.Алтангэрэлийн бариа, заслын зарим арга техник нь Төвөдийн мастер багш Чумбагийн бариа заслын арга техниктэй ойролцоо төстэй байсан нь бидний анхаарлыг татсан юм. Ц.Алтангэрэл нь Дархан-Уул аймаг дахь ЭМШУИС-ийн салбар сургуулийн УА-ын салбарыг 2012 онд төгсгөсөн эмч бөгөөд багаасаа Улаанбаатар хотноо амьдардаг өөрийн өвөө / өргөж авсан ээжийнх нь ах / болох, олон түмэнд Өөдөө гэж авгайлагддаг байсан Завхан аймгийн одоогийн нутаг дэвсгэрийн харьяаллаар Идэр сумын уугуул, удам дамжсан бариач Пүрэвийн Дорж /1900-1988 он /, Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул Майдарын Паадамба нарт шавилан сурсан гарын шавь нь юм.





Дорж нь Завханы Хамба гэгээний хүрээний хийдэд багадаа шавилан сууж чойрын ном гүйцээсэн, эмийн ном үзсэн лам байгаад хожим хар болсон хүн байжээ. Социалист нийгмийн шашин шүтэх хориотой байсан үед өвчтэй хүмүүст эм барьсан хэргээр хэд хэдэн удаа баригдан хоригдож байжээ. Ц.Алтэнгэрэлд багаас нь тархи доргисон үед толгой хэмжих, дараа нь толгой барих аргыг зааж, 10 настайд нь одоо толгой барьж болно гэж зөвшөөрөл өгч байжээ.

Ц.Алтангэрэлийн дурсан ярьснаар “ Би цэрэгт явах хүртэл өвөөтэйгөө хамт байж, барихыг нь харж тусалдаг байсан. Хажуудаа байлгаж туслуулан яаж бариа хийх, нуруу засахыг харуулдаг байсан ч, бие даалгаж нурууны засал хийлгэж байгаагүй. Цэрэгт байхад өвөө маань нас барсан тул цэргээс ирснээс хойш багадаа харж байсан аргуудаа сэргээн санаж, аандаа шаардлага гарч байсан тул бие дааж өөрөө нурууны бариа хийж, нурууны нугалам засаж сурсан. Нурууны заслын аргуудаас одоогийн миний хэрэглэдэг үндсэн арга болох аарцаг гажсан эсвэл нуруу мурийсан үед 2 хөлийг өвдөгний ар талаар дээш хамтад нь нэг гараараа өргөж, нөгөө гараараа нурууны гажсан хэсгийг түлхэж засах, нурууны нугалам урагшаа гулссан үед гэдсэн дор нь ойролцоогоор сөөм хэрийн өндөртэй,4 хөлтэй модон ивээс тавьж хэвлийгээр нь хэвтүүлээд, 2 гар дээр нь тулуулан өндийлгөж гулссан нугалмыг араас нь дарж засах аргуудыг хэрэглэдэг байсан. Бусад өөр аргуудыг ч хэрэглэдэг байсан. Монголд яг манай өвөөгийн, одоо миний хэрэглэдэг аргуудаар нурууны нугалам засаж байгаа хүнийг огт хараагүй. Харин сүүлд 2015-2016 онд Санкт-Петербург хотноо Чумба багш манай эмнэлэг дээр ажиллах үед өвөөгийн ашигладаг байсан хажуу тийшээ гулсаж гажсан нугалмыг нэг гарынхаа эрхий хуруугаар тулж, тэр эрхий хуруугаа нөгөө гарын алгаар түлхэж засдаг аргыг ашиглаж байгааг анх харсан. Тэгээд Чумба багшийн аргуудаас хоёр гурван арга нь өвөөгийн маань ашигладаг байсан аргуудтай төстэй байгааг анзаарсан. Чумба багшаас лавлаж асуухад “Би энэ аргыг багшаасаа нэлээн залуудаа сурсан. Багш маань монгол ламаас эрт үед сурсан гэсэн. Одоо багш маань байхгүй, эрт бурхан болсон тул ямар тохиолдлоор хэн гэдэг монгол ламаас сурсаныг мэдэж амжаагүй” гэж хариулж байсан. Үүнээс өмнө багадаа нурууны нугалам засахыг өвөөгийнхөө хийхийг харж байснаас нарийвчлан тайлбарлуулж, дагаж хийж суралцаагүй бие дааж суралцсанаас, нурууны засал хийж байхдаа ашигладаг байсан аргууд маань жаахан шинжлэх ухааны бус ч юм шиг санагддаг байсан ч Чумба багштай уулзаж түүний голлон ашигладаг аргуудыг нь заалгаж суралцсаны дараа Чумба багшийн арга бол миний аргуудтай их төстэй, адил зарчим дээр үндэслэгдсэн нь мэдрэгдэж, техникийн хувьд арай жаахан сайжруулсан хувилбар шиг л санагдсан. Түүнээс хэд хэдэн заслын аргыг заалгаж сурсанаа одоо ч хэрэглэдэг” гэсэн юм.



Мөн Ц.Алтангэрэл ярихдаа “Паадамба гуай бол Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, ээжийн маань хадам ах болох, багадаа Да хүрээнээ Богдын хийдэд шавилан сууж байгаад, 19 настайдаа 2 нүд нь сохорч, түүнээс хойш нутагтаа буцаж очоод эм барьж, бариа засал хийж сураад, хожим Улаанбаатар хотод суурьшин бариа заслаа хийж, өвс ургамлаар найруулж хийсэн эм тангаа өгч, хүмүүсийг эмчилдэг, олондоо Паадаа гуай гэж алдаршсан хүн байв. Улаанбаатар хотод Гандан тэгчилэн хийдийн хуралд суудаг хараагүй лам байсан. Бариа засалдаа бол мундаг хүн байсан. Хааяа уулзахад надад “Толгой барьдаг хүн хүзүү мурийсныг бас засаж сурах хэрэгтэй” гээд хүзүү засах аргыг хэд хэдэн удаа заасан. Нэг удаа хүзүү нь гоёодож, гилжийсэн хүн очиход бариа хийж зассаны дараа хүзүү нь шууд тэгшхэн болчхоод өвдөлт нь арилчихсаныг санаж байна. Хүзүү сэрвээ хөших, хуян хөөрсөнийг их засдаг байсан. Одоо хэрэглэдэг хүзүүний нугалмууд баруун зүүн тийш мурийж, гажсан, хөдөлгөж чадахгүй байгаа үед суугаа байрлалд урагш тонгойлгож гарын алган дээрээ духаар нь толгойг нь тавиулж байгаад хоёр тийш нь савлуулж засах аргыг Паадамба гуайгаар заалгаж байсан ч сайн өөриймшүүлж сураагүй байснаа бас л хожим бие дааж хийж сурсан” гэж ярьсан.



Бариа болон заслын арга техникүүдийн ижил төстэй талууд илэрхий ажиглагдсанаас үүдэн лавшруулан, тэдгээр бариач нарын барианы гарал үүслийн тухай ярилцаад Төвөдийн мастер бариач Чумба багшийн бариа засал заасан багш нь их настай иогач, лам хүн байгаад шавьдаа барианы эрдмээ өвлүүлэн зааж үлдээхдээ өөрийнх нь багш нь нэлээн эрт үед Төвөдөд Далай ламын ойр шадарладаг байсан монгол маарамба ламд шавилан энэ эрдмийг сурсан гэсэн гэж ярьж байсныг хэлсэн юм. Мөн багш нь адуу малын нурууны гэмтлийг хүртэл барьж засдаг байсан тухай ярьж байлаа.

Төвөдийн мастер бариач Чумба лам, монгол бариач Ц.Алтангэрэл нарын дурсамжаас бид Завхан аймгийн Хамбын хүрээний хийдээс гаралтай лам нарын нуруу засах арга, Төвөдийн иогач лам монгол ламаас нурууны заслын арга сурсан гэсэн яриануудаас үндэслэн лам нарын голлон эзэмшсэн, шавь нартаа уламжлуулан үлдээдэг нурууны нугалам заслын өвөрмөц нэгэн арга байжээ гэж дүгнэж, Ц.Алтангэрэл, Чумба багш нарын өвлөн үлдсэн эдгээр арга техникүүдийг суралцах явцдаа заслын арга, техникүүдийн гол үндсэн зарчмыг судлан, энэ аргыг сэргээн дэлгэрүүлж цаашид өргөнөөр ашиглах боломжтой гэж үзээд нарийвчлан судалж эхэлсэн юм.



Энэ хугацаанд олон орны бариа заслын аргуудыг харьцуулан судалж, нугалмын хөдөлгөөнт заслын аргатай ойролцоо, ижил төстэй арга байгаа эсэхийг анхааран, эрэл хайгуул хийж байлаа. Үүнд: Америкаас гаралтай гэж үздэг “Остеопатия” барианы арга техник, 18-р зууны сүүл үеэс Англид үүссэн гэж үздэг “Мануальная терапия” заслын арга, өнгөрсөн зууны дунд үед АНУ-д үүссэн гэж үздэг “Прикладная кинезология” оношилгоо заслын арга, Японы Щиацу бариа, Японы аарцаг түнхний Юмейхо бариа засал, Хятадын уламжлалт био-энергийн бариа, Энэтхэгийн Рейки бариа, Монголын ясны бэртэл гэмтлийн бариа засал, Монголын уламжлалт иллэг бариа заслын арга зэрэг аргуудыг судалж үзсэн.

Нугалмын хөдөлгөөнт заслын аргын үндсэн зарчим нь булчин суллах, үе шөрмөсийг зөөллөх, цусан хангамжийг сайжруулах, нугалмын ойролцоо гүнд байрлах булчингуудын чангарлыг суллах зорилгоор зүү, бариа засал, бумба зэрэг шаардлагатай эмчилгээ хийж бэлтгэл хангасны дараа засах шаардлагатай хүзүү, цээж, бүсэлхий болон ууцны үеийг эмчлүүлэгчийн өөрийнх нь хийж байгаа нэгэн хэмнэл далайцтай хөдөлгөөний явцад эмчилгээг гардан хийж байгаа мастер бариач маань тохирох хүчээр аажим түлхэх, ганхуулах, гулсуулах, хориглох замаар шаардлагатай чиглэлд зөөлөн хөдөлгөн засах явдал юм. Энэ нь нугалмыг шаардлагатай зөв байрлалд байрлуулахаас гадна өвдөлтийг намдаах, дарагдсан судас, мэдрэлийг чөлөөлөх, үений эрүүл хөдөлгөөнийг хангаж өгдгөөрөө давуу талтай бөгөөд хэрэглэхэд хялбар, өвдөлт зовуурь багатай, үнэ хямд, мэс заслын заалттай нэлээн олон өвчний үед амжилттай зөв хэрэглэж чадвал мэс засал хийх шаардлагагүй болгож эмчилж чаддагаараа давуу юм. 2008 онд ЭМШУИС-д АУ-ы докторын зэрэг хамгаалсан Б.Уул эмчийн бичсэн “Монгол эмнэлгийн уламжлалт заслын болор эрих” номд хөдөлгөөний тусламжтайгаар эмчлэх арга техникүүдийг “Гар дэмийн арга” гэж нэрлэж товч дурдсан байсан ч яг бидний хэрэглэж байгаа аргуудтай төстэй арга дурдагдаагүй байна билээ.

“Мажаа”эмнэлгийн Санкт-Петербург хот дахь салбар, мөн 2016 онд байгуулагдсан ”Акумед” эмнэлгийн хамт олон АУИС-ийн Монгол уламжлалт анагаахын ангийн анхны төгсөгчдийн нэг болох Б.Мягмарсүрэн эмчийн удирдлага дор монгол уламжлалт бариа заслын аргыг нугалмын хөдөлгөөнт заслын аргатай хавсруулан засах шинэ технологийг 2012 оноос эхлэн судалж нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн болно. 2017 оноос АУИС-ийн анхны төгсөгч нарын нэг болох Н.Алтанхундага мөн Б.Мягмарсүрэн эмчийн урилгаар энэ чиглэлээр хамтран ажиллаж, судалгаа хийж эхэлсэн юм.



Энэ хугацаанд бид ОХУ-ын Санкт-Петербург хотноо нэг үйлчлүүлэгчийг өвчний үе шатаас нь хамааран 1-5 удаагийн курс эмчилгээнд хамруулах зарчмаар жил бүр дунджаар 400-600 орчим, нийтдээ 3000 гаруй үйлчлүүлэгчдэдээ энэ аргаараа амжилттай тусламж үйлчилгээ үзүүлсэн болно.

2016-2018 оны хугацаанд уламжлалт анагаахын мэргэжлийн 10 гаруй мастер эмч бариач нарыг ОХУ-ын Санкт-Петербург хот дахь салбар дээрээ сурган дадлагажуулж, эдгээр эмч мэргэжилтнүүд маань Монгол болон ОХУ-д мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд, бусад монгол уламжлалт эмчилгээг нугалмын хөдөлгөөнт засал эмчилгээний шинэ аргатай хавсруулан эмчилдэг шинэ технологийн үр дүнд монгол уламжлалт эмчилгээний маань нэр хүнд, эрэлт хэрэгцээ тэнд улам өссөөр байна. Тиймээс ч 2019 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Мечниковын нэрэмжит АУ-ы нэгдүгээр Академийн Дипломын дараах интитутээс, бидний санаачлан боловсруулж байгаа Нугалмын хөдөлгөөнт засал эмчилгээний аргыг нарийвчлан судлах, эмчилгээний арга аргачлалыг боловсруулах, мэргэжилтэн бэлтгэх талаар хамтран ажиллах санал тавьж байсан боловч бид энэ арга аргачлалаа Монгол улсад эхлэн бүртгүүлж, нутагшуулж, улмаар Монголынхоо уламжлалтын эмч мэргэжилтнүүддээ эзэмшүүлэн дадлагажуулан сургах, цаашид үндэсний бренд арга болгон дэлгэрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Тиймээс 2019 онд нугалмын хөдөлгөөнт заслын аргыг үндэслэгчдийн нэг болох мастер Чумба багшийг урин оролцуулж, АШУҮИС-ийн МАУОУС-тай хамтран 40 гаруй эмч мэргэжилтэнг хамруулсан нугалмын хөдөлгөөнт заслын аргын анхны мастер сургалтыг зохион байгуулсан юм. Польш улсад Эрүүл мэнд сэдвээр зохион байгуулагдсан Хилийн чанад дах Монголчуудын чуулга уулзалтын үеэр тухайн улсад ажиллаж амьдардаг 30 орчим монгол эмч нарыг хамруулсан үзүүлэх сургууль хийлээ.

Нугалмын хөдөлгөөнт заслын анхдугаар мастер сургалтаас хойш онол практик хосолсон 4 өдрийн нугалмын хөдөлгөөнт заслын сургалтыг нийт 10 удаа зохион байгуулж 240 гаруй эмч мэргэжилтнүүдийг хамруулан сургаснаас гадна 2020 онд анхны гүнзгийрүүлсэн шатны давтан сургалтыг зохион байгуулж, анхан шатны сургалтад хамрагдаж байсан 6 эмч мэргэжилтэнг хамрууллаа. Мөн Н.Алтанхундага, Б.Мягмарсүрэн эмч нар энэ аргад дадлагажин суралцаж, цаашид энэ чиглэлээр ажиллах сонирхолтой 50 гаруй эмч нарыг 15 хоногоос 1 сарын хугацаагаар практик дээр дагалдуулж сургасан болно. 2020 онд бүх аймгуудын 1-4 эмч нарыг сайн дурын хэлбэрээр сонгон 3 сарын цахим сургалтад хамруулсан байна.



Анх монгол, төвөд хоёр бариач засалчийн нуруу заслын аргын 20 орчим техник төдий байсан энэ аргыг бид гүнзгийрүүлэн судалж онол, арга зүй, сургалтын талаас нь боловсронгуй болгон боловсруулснаас гадна багана нурууны янз бүрийн хэсгүүдийн хагас мултрал, гулсалт, суулт мурийлт зэрэг гажилтыг засах онцлог техникүүдийг нэмж бий болгон ашиглаж үр дүнг нь нотолсоор одоо хүзүүний хэсэгт ашиглах 38 техник, сээрний хэсэгт ашиглах 23 техник, бүсэлхий ууцны хэсэгт ашиглах 17 техник, нийт 78 техник бүхий цогц арга болгон сайжруулан хөгжүүлсэн.

Жил бүр шинэ залуу нугалмын хөдөлгөөнт заслын мастеруудын шинэ үе бий болсоор, нугалмын хөдөлгөөнт заслын арга техник улам хөгжсөөр байна. Тэгэхээр нугалмын хөдөлгөөнт засал эмчилгээний арга нь нурууны нугалмуудын гажилтыг засдаг байсан эртний монгол эмч бариач нарын хэрэглэдэг байсан зарчим дээр үндэслэн мартагдаж мөхөх дөхөөд байсан уламжлалт эмчилгээний нэгэн аргыг сэргээн, орчин үеийн нотолгоонд суурилсан хэмжээнд хөгжүүлэхээр шинэ техник аргачлалаар баяжуулсан эмчилгээний шинэ арга юм гэж ойлгож болно.