-
НҮҮР
-
Бидний тухай
- Мэндчилгээ
- Эрхэм зорилго
- Эмч нарын танилцуулга
НУРУУНЫ ЯМАР Ч ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЕД БАРИХ ЁСТОЙ ГАМ ДЭГЛЭМ
Монголчууд бид төрсний дараа, эмчилгээ хийлгэсний дараа гам барих тухай эртний уламжлалтай. Уламжлалт эмчилгээ хийлгэж байгаа хүний бүх дотоод суваг судлууд нь нээгдэж, хий цусны гүйдэл нь идэвхэждэг тул эмзэг мэдрэмтгий болдог.
Тиймээс эмчилгээний үед ч, дараа ч гам барих хэрэгтэй байдаг. Гам барих хугацаа нь хийлгэсэн эмчилгээ, хувь хүний онцлог, биеийн тамир тэнхээ, нас хүйсээс хамаарна. Зүү эмчилгээний дараа гам их шаарддаг. Бас бүх биеийн халуун болон зөөлөн тосон бариа, халуун рашаан, шавар эмчилгээний дараа гам сайн барих шаардлагатай. Хамгийн багадаа л 10-14 хоног нэлээн сайн гам барих шаардлагатай. Өндөр настай, биеийн тамир тэнхээ дорой байх үед сар хүртэлх хугацаагаар гам барих хэрэгтэй болдог. Гам барихдаа даарч хөрөх, нэвт салхинд үлээлгэх, хүйтэн сэрүүн усанд орох, хүйтэн усанд гараа угаах, хүйтэн мах гартаа барих, хөл нүцгэн явах, хүйтэн идээ, ундаа идэж уух, архи дарс уух, хэт ядрах, нойр алдах, бороонд норох, чийгтэй газар суух зэргийг цээрлэнэ.
Бүх хүн адилхан гам алддаггүй ч, хэрэв гам алдвал биед маш муугаар нөлөөлдөг тул гам алдахаас заавал сэргийлэх хэрэгтэй шүү.
Ихэвчлэн толгой өвдөх, яс янгинаж өвдөх, хамаг бие нь жихүүцэх, хүйт оргих, нойронд муу болох зэргээр гам алдсан шинж илэрдэг.
Тиймээс:
ХЭТ ДААРАХГҮЙ, НУРУУ ХӨЛӨӨСӨӨ ЖИНДЭХГҮЙ БАЙХ
Нимгэн хөнгөн загварт дуртай, улиралдаа тохируулж хувцаслаж чаддаггүй хүмүүс нурууны өвчнөөр илүү өвдөх магадлалтай. Хавар өглөө дулаахан тогтуун байснаа орой нь хүйтэн салхи салхилна, зун өглөө нартай байснаа оройхон хэрд тэнгэр бүрхэн, хүйтэн бороо асгарна, намар өглөө бороо орж байснаа үдээс хойш цас хаяна гээд манай орны уур амьсгалын эрс тэс өөрчлөлт нурууны өвчтэй хүмүүст сөргөөр нөлөөлөх нь их. Тиймээс улиралдаа тохируулан дулаахан хөнгөн хувцаслаж байхыг хичээгээрэй. Халуун газар ажиллаж хөлөрдөг хэр нь хөлсөө сайн хатаалгүйгээр сэрүүцэхээр гадагшаа гардаг бол нуруунаасаа жиндэж өвдөх магадлал маш их. Хөлөөсөө даарахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хөл даарахад нурууны булчин чангарах нь ажиглагддаг. Хүйтэн усанд сэлэх, хүйтэн шүршүүрт орохгүй байхыг хичээгээрэй. Ялангуяа зуны халуунд ширүүн урсгалтай голын усанд сэлсэн, хүйтэн рашаанд орсон, хүйтэн бороонд нэвт норсон нөхцөлд нуруу нь гэнэт татаж өвдсөн тохиолдол их тааралддаг. Зөвхөн хүйтэн улиралд л нуруунаасаа даардаг ч юм биш, бас зуны халуунд сүүдэр талын сэрүүхэн өрөөнд удаан суух, сэрүүхэн шалан дээр хөл нүцгэн явах, чийгтэй нойтон газар удаан суухад ч нуруу хөлөөсөө даарах тохиолдол байдаг гэдгийг санаарай
ХЭТ ШИРҮҮН ХӨДӨЛГӨӨН ХИЙХ, ОГЦОМ БӨХИЙХӨӨС ЗАЙЛСИЙХ
Хүүхдээ өргөсөн чинь, сууж байгаад боссон чинь, хажуу тийшээ эргэсэн чинь, тонгойсон чинь нуруу гэнэт татаад хөдөлж чадахгүй болчихлоо гэж олон хүн хэлдэг. Эдгээр бүх тохиолдлуудад ямар байрлалд, ямар хөдөлгөөн хийсэн гэдгээс үл хамааран ихэнхдээ огцом хөдөлгөөн хийсэн байх магадлалтайг та нар анзаарч байгаа байх. Гэнэтийн огцом хөдөлгөөний үед нурууны булчингууд хүчтэй чангардаг нь мэдрэл хавчуулагдах, нурууны өвдөлт сэдрэх, нурууны нугаламд гулсалт үүсэх шалтгаан болж болзошгүй. Нуруу өвддөг л бол огцом хөдөлгөөн хийхээс зайлсхийж, аядуу зөөлөн хөдөлж сураарай.
ХЭТ ХӨДӨЛГӨӨНГҮЙ БАЙХ
Нуруу нь өвдөөд байгаа болохоор олон хүн хөдлөхгүй, хэвтэж байхыг хичээдэг. Хэвтээ байрлалд хүний нуруунд бусад биеэ байрлуулж болох бүх байрлалтай харьцуулахад хамгийн бага ачаалал ирдэг болохоор өвдөлт бага мэдрэгддэг гэдгийг бүгд анзаардаг болохоор тэр байх. Гэхдээ тухайн үедээ өвдөлт бага мэдрэгдэхэд энэ байрлал тусалж байгаа ч яваандаа нурууны булчингийн чангарал улам ихсэхэд хүргэдэг муу талтай. Тиймээс хөдөлгөөнөө хэт хорихгүйгээр, аажим зөөлөн хэмнэл бүхий зохистой хөдөлгөөн, сунгалтын дасгалаар өөртөө тохируулан хичээллэж байгаарай.
ЭМЧИЛГЭЭГЭЭ ЗОХИСТОЙ БАЙДЛААР ХЭСЭГ ХУГАЦААНЫ ДАРАА ДАХИН ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХИЙЛГЭХ
Монголын бараг өрх бүр машинтай. Жил бүр машинаа үзлэгт оруулж, шүүр, тос маслыг нь солиулдаг, улирал солигдоход өвөл зуны дугуй хүртэл сольж тавиулдаг хэр нь нуруу нь тэсэхүйеэ бэрх өвдөөгүй л бол өөрийнхөө нурууг жилд нэг удаа эмчид үзүүлж зөвлөгөө авдаг, ядахдаа рентген зураг авхуулдаг, өдөр бүр дасгал хийдэг хүн хэд байгаа бол? Ихэнх хүн нуруугаа өвдөөд нэлээн удсаны дараа эмнэлгийн байгууллагад ханддаг боловч тэр үед нуруунд нь яс ургасан, суулт үүссэн, мэдрэл дарагдсан гэж оношлогддог. Харамсалтай нь машины хагарсан дугуйг нөхүүлэх эсвэл сэтэрсэн жийргэвчийг солиод тавьчихдагтай адил нурууны дарагдсан үе эсвэл цүлхийсэн жийргэвчийг тэр бүрий сольчихож болдоггүй болохоор удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог ч, бас л тэр эмчилгээгээ тогтмол хийлгэдэг хүн ховор. Хэрэв нуруу өвддөг болсон бол эдгэхийн тулд, эдгэсэн бол дахиж өвдөхгүйн тулд эмчлүүлж байх хэрэгтэй, нуруу нь өвддөггүй ч гэсэн өвдөхгүйн тулд урьдчилан сэргийлэх зорилгоор хааяа эмчлүүлэх ёстой гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.
НУРУУНЫХАА ОНЦЛОГТ ТОХИРСОН ЗӨВ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨР ЗОХИСТОЙ ХИЧЭЭЛЛЭХ
Дасгал хөдөлгөөний чухлыг хүмүүс бие биедээ зөвлөдөг. Гэхдээ өөрийнхөө өвчний онцлог, үе шат, хүндрэл, бас энэ өвчний улмаас багана нуруунд бий болсон өөрчлөлтийнхөө тухай сайн мэдэж байж хичээллэх шаардлагатай. Энгийн зөөлөн, аажим хэмнэлтэй дасгал хөдөлгөөнөөр хүн бүр хичээллэж болно. Харин ачаалал мэдрэгддэг, далайц ихтэй дасгал хөдөлгөөнөөр бол нурууны нугалмуудын тань байрлалаас хамааран ямар хөдөлгөөнийг зөвшөөрөх, ямар хөдөлгөөнийг хориглох ёстой талаараа сайн ойлгож байж хичээллэх нь зүйтэй шүү. Жишээлбэл бүсэлхийн L4,5 нугалмууд урагш гулсалттай хүмүүс хэвлийгээрээ хэвтэж байхдаа, хоёр гар дээрээ тулан арагшаа гэдийх хөдөлгөөн хийвэл гулсалт нь улам ихсэх магадлалтай гэх мэтээр . ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.