АЖЛЫН ШИРЭЭНИЙХЭЭ АРД БУРУУ СУУВАЛ НУРУУ МУРИЙЖ, ААРЦАГ ГАЖИЖ УЛМААР СУУЛТ ҮҮСНЭ.





Ажлынхаа онцлогоос шалтгаалан ширээний ард хэтэрхий удаан бөгтийж суух шаардлагатай байдаг нягтлан бодогч, програмист зэрэг мэргэжлийн хүмүүсийн бүсэлхий, сээрний хэсгийн нугалмууд арагш гулссанаас тэр хэсгээрээ бөгтийж, рентген зурагт бүсэлхийн хэвийн лордоз нь тэгширсэн, сээрний кифоз ихэссэн гэсэн өөрчлөлт илрэх нь их ажиглагддаг.





Ширээний ард удаан хугацаагаар цээж эсвэл бэлхүүс хэсгээрээ мушгирч буруу байрлалд суудаг хүмүүст нурууны хажуугийн мурийлт буюу С, S хэлбэрийн сколиоз үүссэн байх нь их ажиглагддаг. Ажлын байрандаа ширээнийхээ ашигтай талбайг зөв зохицуулах зорилгоор ширээнийхээ нэг буланд нь принтер, компьютерын дэлгэцээ байрлуулдгаас тэр тал уруугаа бүсэлхий, цээж хэсгээрээ мушгирч байн байн эргэх, эргэсэн байрлалдаа удаан хугацаагаар суухад хүрдэг, эсвэл тэр тал уруугаа олон удаа огцом эргэх шаардлагатай болдог нь нуруунд мурийлт эсвэл эргэлт үүсэхэд нөлөөлдөг. Сандал дээр суухдаа нуруугаараа түшлэгийг нь арагш хэт налсан хэр нь бөгс хэсгээрээ урагшлан, ууц, бэлхүүсний доод хэсгээрээ хөндий суудаг зуршилтай хүмүүст яваандаа бүсэлхийн L4-5 нугалмуудын урагшаа гулсалт үүссэн байх нь элбэг. Энэ нь хэт ихэсвэл гулсалтыг зогсоох зорилгоор урагш гулссан нугалмыг бусад ойролцоох гулсаагүй нугаламтай нь бэхэлж хадах мэс засал шаардагддаг ноцтой эмгэг өөрчлөлт юм. Мэс засалд орох шаардлагатай болсноос буруу суудаг хэвшлээ эртхэн засаж, эрсдэлээс сэргийлэх нь мэдээж амархан. Харилцагчтай ажилладаг зарим ажилтнууд харилцагчаа урьж суулгадаг сандлаа эгц урдаа бус, харин хажуу талдаа байрлуулсан байдгаас мөн цээж бэлхүүсээрээ нэг тийшээ мурийж эргэж удаан суухад хүрдэг. Ийм байрлалтай ажилладаг бол ширээ эсвэл сандлынхаа байрлалыг солих шаардлагатай. Яагаад гэвэл байн байн ийм байрлалд биеэ байрлуулдаг, бас энэ нь өдөр бүр давтагдах нь хэвшил болдог. Гэртээ амарч суухдаа ч, ажлын ширээнийхээ ард ч сууж байхдаа ч хөлөө ачиж суудаг олон хүн байдаг. Удаан хугацаагаар хөдөлгөөн багатай суух нь нурууны булчингийн ачааллыг ихэсгэхээс гадна хөлөө ачиж суух үед аарцгийн дэлбээ яс хоёр талдаа ижил бус өндөрт өргөгдөж, улмаар нурууны хоёр хажуугийн булчингууд тэгш биш ачаалал авах нөхцөл бүрэлддэг. Давхар давхар сөрөг нөлөө үзүүлдэг энэ байрлал нурууны мурийлт үүсэхэд хүчтэй нөлөөлнө. Оффисын ажилтай ихэнх хүн гэрээсээ илүү ажлынхаа байранд ихэнх цагаа өнгөрөөх шаардлагатай болдог болохоор ажлын ширээнийхээ ард суудаг дадал хэвшил нь эрүүл мэндэд нь зайлшгүй нөлөөлдөг. Таны нуруу байн байн өвддөг, та суугаа ажилтай бол ширээний ард хэрхэн суудгаа сайтар анзаараарай. Ажлын ширээнийхээ ард компьютероо хэт өндөр байрлуулснаас хүзүүгээ өлийлгөн, биеэ нугдайлган буруу сууж хэвшсэн бол хүзүүний 3,4,5-р нугалмууд урагш гулсаж, хүзүүний хэвийн лордоз буюу хотгор ихэссэн байх тохиолдол байдаг. Ийм өөрчлөлт хяналтын камер удаан ажиглах үүрэгтэй байдаг хамгаалалтын ажилтнуудад их тохиолддог нь бас анзаарагддаг. Ажлын ширээний гэрэлтүүлэг зөв суухад нөлөөлөх нэг хүчин зүйл болдог. Учир нь буруу байрлуулсан гэрэлтүүлэг хүний нүдний хараанд муугаар нөлөөлдөг тул гэрэлтүүлэг муутай, буруу тусгалтай орчинд хүн сайн харахын тулд өөрөө ч сайн анзаарахгүйгээр бөхийж, биеэ буруу байрлуулдаг. Ингэснээр бас л нурууны мурийлт үүсэх эрсдэлтэй. Та өөрийнхөө бусад буруу дадал зуршлуудынхаа тухай сайтар мэдэж авья гэвэл Бэханзэ эмнэлгээс ТАНЫ НУРУУ ЯАГААД ӨВДДӨГ ВЭ? номыг 95021652 дугаараар захиалан уншаарай.